ЗАЛУУСЫН ЭРЧ ХҮЧИЙГ ӨДӨР БҮР МЭДЭРЧ АЖИЛЛАХ САЙХАН
ЗАЛУУСЫН ЭРЧ ХҮЧИЙГ ӨДӨР БҮР МЭДЭРЧ АЖИЛЛАХ САЙХАН
2019-07-02

-          22 жилийн түүхтэй “Эйр Транс” компанитай хэрхэн ажил амьдралаа холбов оо?

-          2010 онд Албан ёсоор “Эйр Транс” ХХК-ийн ажилтан болж орж байлаа. Өмнө нь хагас цагаар, засвар үйлчилгээ хийх үед нь ирж ажилладаг байсан. Хамт олон маань түшигтэй, элэгсэг санагддаг. Үеийн үед ямар ч ажилтан байсан компанийн өөрийн соёл, дэг сайтай болохоор 10 гаран жил ажилласан ч ажрахгүй өнгөрсөн байна.

-          Компанийн ерөнхий захирал найзуудын холбоотой болохоор ажилчид өөрөөр хүлээж авах ч гэдэг юм уу, болгоомжлох хандлага гаргаж байгааг анзаарч байв уу?

-          Ерөнхий захиралтай хамт ОХУ-д Цэргийн холбооны дээд сургуульд сурч байхдаа найзалж байсан. Бид 1982.07 сард төгсөж ирээд 1982.07.12-нд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд/ НАХ/ ажиллаж байлаа. Хүний нутагт тэрсхэн залуучууд, оюутан болж очоод нөхөрлөж байсан болохоор одоог хүртэл үнэ цэнэтэй найзууд байгаа хэрэг. Маш их дурсамж, түүх бидний дунд бий. Гэхдээ бид зөвхөн найзууд болохоос тэр хүний нэрээр ч гэдэг юм уу асуудалд хандаж байсангүй ээ. Бидний үеийн хүмүүсийн хүмүүжил ч тийм биш. Одоогийн байдлаар залуучууд надаас болгоомжилдог хандлагыг би  мэдрээгүй л байна. Магадгүй манай ажилтнууд Т.Чулуунхүү захирлаас илүү намайг таних /илүү ойр/ мэдэх байх. /инээв/

-          Захирлын хэлсэн үгэнд гайхах ч юм уу, эсвэл бүтэхгүйдээ энэ гэх бодол төрж найздаа нөхөрсөг зөвлөгөө өгч явсан уу?

-          Яг тийм айхтар зүйл санагдахгүй байна. Миний мэдэхийн маш ажилсаг, зүгээр суудаггүй, ямарваа нэгэн ажлыг зоригтой эхлүүлдэг “тийм” л хүн. Ямагт нэг зангаараа байж чаддаг мэт санагддаг.  Одоо “Эйр Транс” компанийн үе үеийн ажилтнууд энэ занг нь сурч байх шиг. Залуус эрч хүчтэй бүгд дор бүрнээ хийсэн ажилдаа эзэн болж төлөвшиж байгаа харагддаг. Гэхдээ зарим нэг тохиолдолд бага зэрэг өөриймсөг баймаар санагддаг шүү. /инээв/ Жишээ нь “болохгүй байна яана” гэж хүн дуудахаасаа өмнө орчин тойрноо нэг шалгачихдаг баймаар. Залгуур нь хөндийрснийг мэдэхгүй “миний ажил” биш гэсэн хандлага гаргахгүй байх хэрэгтэй. Нэг үгээр хүний үйлдэл хандлага нь зөв бол ажил хийх арга барил, мэргэжлийн чадварыг эзэмшиж өөрийн гэсэн байр суурийг бий болгож болдог шиг санагддаг шүү.

-          Өөрийнхөө хүүхэд байхаар залуустай хамт ажиллахад бэрхшээл гэж байх юм уу?

-          Залуучуудын эрч хүчтэй байдалтай хөл нийлүүлэн ажиллах сайхан байна. Нэг их бэрхшээлсээд байх юм алга байна даа.

-          Энэ олон салбарын аж ахуйг хариуцна гэдэг бас л төвөгтэй мэт санагдаж байна. Таны ажилд сандрах, хүч хүрэхгүй байх асуудал их гарах уу?

-          Хэр барагтаа гайгүй дээ. Үнэхээр мэдэхгүй, тусгай мэргэжлийн хүмүүс хийх ёстой ажилд бол чанартай хийх газрыг сонгож танилцуулж байгаад ажлаа эхэлдэг юм. Хамгийн сүүлд Арк салбарт гал тогооны үнэртүүлэгч хийх үед халаалтын гол шугам дайруулж өрөмдөөд түүнээс болж маш их ус алдаж, тухайн байрны халаалтын асуудал үүсэхэд л бага зэрэг сандарсан. Заримдаа санаснаас илүү хүнд байх үе бас бий.

-          Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье?

-          Баярлалаа.