М.ЦАГААН: КОМПАНИЙН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ БОЛ АЖИЛЧИД
М.ЦАГААН: КОМПАНИЙН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ БОЛ АЖИЛЧИД
2018-08-24

-          Сайн байна уу, Ямар хувь заяагаар энэхүү компанитайгаа холбогдчихов оо?

-          Сайн байна уу? 1997 оны намар анх ажилд орж байсан. Гэхдээ тухайн үед компанийн ажилд авах гэж байсан хүн нь боломжгүй болоод намайг орондоо санал болгоод ингээд би саналаараа ирж байсан түүхтэй. Анх ирэхэд надаас гадна дөрвөн хүнтэй байсан. Захиалга хүлээн авагчаар  “А” ч гүй л ажилд орох гээд ирж байсандаа. Урьд нь би МУИС-ийн геологийн тэнхимд нэг жил багшилчихсан байсан. Агаар сансрын инженер-геофизикч мэргэжилтэй хүн.

-          Тухайн үеийн компанийн анхлан ажилчдын нэг, өнөөдрийн төвшинд компанийн ирээдүй таны төсөөлж байснаар байна уу?

-          Одоо бол компани хамгийн хүчирхэг нь болсон байна. Маш олон ажилтантай, үйлчилгээ сайтай, олон салбартай анхдагч гээд магтах зүйл олон. Анх ажилд орж байхад Одмаа төгс англи хэлтэй, дипломатчийн охин байсан. Захирал, Нягтлан, Гүйцэтгэх захирал зэрэг цөөхөн хэдхэн хүнтэй байлаа. Тэднээсээ их юм сурч ажилласандаа. Одоо бол ам бүл олонтаа том айл болсон.

-          21 жилийн хугацаанд танд тохиолдож байсан хөгжилтэй, санаанд оромгүй зүйлсээсээ хуваалцаач?

-          Маш их зүйл тохиолдож байсан. Тухайн үед хэт ачаалалтай  өдрийн цай хэзээ болдгийг мэдэхгүй, дэлгүүр хэсэх завгүй ажилладаг байлаа. Захиалга ихтэй болохоор толгой өндийхгүй ажилладаг байсан. Хэт их ачаалалтай байсан бидэнд захирал нэг өдөр “хүнрүү хараад мэндчилж бай” гэж хэлж билээ. Тэр яг үнэн бид ажилдаа улайраад хүнтэй ч мэндлэх завгүй болж хэвшсэн байсан.

-          Захиалга хүлээн авагчаар ажлын гараагаа эхэлсэн таны одоогийн албан тушаал юу вэ, компаниас албан тушаал ахих боломжтой хэр байв?

-          Захиалга хүлээн авагчаар 1997 оноос эхлэн ажиллаад 2010 онд манай орлогч захирал З.Ганболд гадагшаа томилолтоор явах болоод ажлыг нь хүлээн авч ажилласан. 2016 онд эрсдэл хариуцсан менежер албан тушаал шинээр бий болж. Өнөөдөр үйл ажиллагаа болон эрсдэл хариуцсан менежерээр ажиллаж байна.

-          21 жил компаниараа овоглож ажилласан таны амьдрал ахуйг дэмжсэн амьдралд бодит өөрчлөлт орсон ямар тохиолдол байв?

-          Компани ажиллаж байгаа ажилчдаа жил бүр дэмжлэг үзүүлдэг. Ажилчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр маш их эерэг хандлагатай байдаг. Ажлаа сэтгэлээсээ хийж өөрийгөө таниулж чадвал компани харж үзнэ. Би 2012-2013 оны шинэ жилээр Автомашинаар шагнагдаж байлаа. Компани үүнээс өмнө надад байраа томруулахад зөрүү өгч тусалж дэмжиж байсан. Амьдрах орчноо сайжруулахад мөн хүүгээ тусад нь гаргахад компаниасаа зээл авч өрх тусгаарлуулж байлаа. Өдөр бүр компанидаа баярлаж явдаг. Ажлаа цагт нь найдвартай, үнэнч хийсэн болгоны минь хариу энэ. Компанийн ажилчдаа гэсэн бодлого хүн бүрт нээлттэй байдаг. Тиймээс сэтгэлээсээ ажиллаж компанийнхаа хайр халамжийг хүртэх боломж хүн бүрд нээлттэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. 

-          Энэ хугацаанд тогтвортой ажил олгож байсан компанидаа талархах сэтгэл төрж байна уу?

-          Тэгэлгүй яахав, зөв энергитэй сайхан ажил. Ажилдаа дуртай хийдэг болохоор энэ цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрчээ. Өдөр бүр ажилдаа ирэх бүртээ компанийн удирдлагууддаа талархаж явдаг даа.

-          Давхардсан тоогоор нийт хэдэн хүнд тийз бичиж байсан бэ, тоон үзүүлэлт танд байна уу?

-          Санхүүгийн ажил дээр л тоо нь гарах байх. Би бол сайн мэдэхгүй байна. Чанартай үйлчилгээг сэтгэлээсээ хүнд хүргэхээр дахин дахин ирж үйлчлүүлэх тохиолдол байдаг. Яг бодож үзвэл их өндөр тоо гарах байх шүү.

-          Таны ойр дотнын, таныг таних бүх хүн тийз бичүүлэх ажлаар ихэвчлэн танд хандаж байна уу?

-          10 гаруй жил тийзээ захиалуулсан одоо үр хүүхдүүд нь хүртэл надад хандаж үйлчилгээ авдаг айл өрх олон байна. Миний болон манай компанийн байнгын үйлчлүүлэгчид. Тэдэнд үйлчилгээгээрээ дамжуулан үнэнч байгаад нь бахархал төрж байдаг. Надаар бичүүлэх нь чанартай, буух хаягтай, буцах эзэнтэй, баталгаатай байдаг учраас үйлчлүүлэгчид дуртай байдаг юм. Үйлчлүүлэгч бүрээс ирэхэд нь сайн явж ирэв үү, таны бие сайн уу, ачаа тээш зүгээр үү, гэх мэт мэдээллийг асууж өөртөө мэдлэгтээ нэмэрлэдэг болсон. Энэ маш чухал мөн өөрөө гадагшаа явах үед эйрпортоор явж үзэж хаана нь юу байна, ямар үйлчилгээнүүд байна гэдгийг харж судалж дараа дараагийн ажилдаа тусгаж үйлчлүүлэгчид дээ зөвлөгөө өгдөг болсон. Энэ нь ч үйлчлүүлэгчдэд маань таалагдаж байдаг. Хамтран ажилладаг хүмүүстээ ч энэ тухай мэдээллээ солилцож ажилладаг.

-           Одоогийн залуус ажлын байрандаа тогтворгүй мэт санагдах юм танд тийм сэтгэгдэл төрж байна уу?

-          Тийм анзаарагдаж байна. Компаниас сургаж ажиллуулдаг, яг бэлтгээд ажилдаа гаршаад ирэхээр гарах тохиолдол их байна. Хэн хэндээ үр өгөөжгүй. Залуусын ажилд хандах хандлага их сул мэт санагддаг. Ажилд орж байгаа зорилго нь цалингаа л асуугаад байдаг. Би энэ ажилд тэнцэх болов уу, өөрийгөө хартал нь сайхан ажиллаад итгэл дааж явая гэх нь ховор анзаарагдаж байна. Алдаа оноон дээрээ суралцаж байж л ажлын байрандаа үлддэг. Амралтын өдөр хүртэл ирээд “ хэрэгтэй зүйлээ сонсоод ав” гэхэд ирэх нэг нь байхад зарим нь ирэхгүй байна. Шинээр орж байгаа залуус 3-6 сарын дотор ер нь танигддаг юм. Маш их зүйлийг зааж сургаад, мэдлэгжүүлээд, мэдээлэлжүүлээд ажиллахад орхиод гарах нь элбэг тохиолдож байсан. 2016 онд энэ үзэгдэл их байсан. Бүх талаар нь бэлдээд ажилдаа гаршаад ирэнгүүд сайхан охидууд маань төрөх болоод явчихдаг. Компанидаа үнэ цэнэтэй ажилтан болохын тулд итгэл дааж ажиллах мөн тогтвортой байх нь маш чухал санагддаг. Ихэнх хүмүүс амьдралынхаа хамгийн идэвхтэй цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг болохоор хайран энэ цаг хугацаагаа зөв өнгөрөөж, ажилласан шиг ажиллаасай л гэж хүсдэг дээ.

-          Энэ бүх хугацаанд нисэх, онгоц, тийз, захиалга гэх мэт үгээр хөглөгдөж явсан та өөрөө хэдэн орноор аялав?

-          Авиа компанид ажиллаж байгаа хүн өөрөө аялах туршлагатай, зөвлөх чадвартай, нүдээр харсан байхыг илүүд үздэг юм билээ. “Korean air” л гэхэд салбартаа ажиллаж байгаа хүмүүсээс баг бүрдүүлж явуулдаг байсан. Компанийн бодлогоор олон орноор аяласаан.

-          Нисэх болон тийз захиалгын компаниудад таны харж байгаагаар үүнийг нь засаж залруулах юмсан гэсэн бодол төрөх үү?

-          Тэгэлгүй яахав. Билет борлуулж байгаа олон компаниуд өрсөлдөж байна. Бизнесийн жамаараа явж байна. 1990 оны дундуур үндэсний тээвэрлэгч Миат компани сар бүр агентуудаасаа санал авдаг байсан. Хоёр бичгийн цаас дүүрэн санал бичиж өгдөг байлаа. Ажилчдынхаа санал дээр өөрийнхөө саналыг нэмэн илгээнэ. Манай Миат компани өөрөө үйлчилгээ сайтай байж бид хөгжин дээшилнэ. Үндэсний үзлээрээ ч тэр одоо ч би МИАТ-ыг дэмжиж ажилладаг. Урьд нь МИАТ компани үнийн тарифаа цаасаар илгээдэг байсан ба хоёрхон хуудас байдаг байсан бол өдгөө 50-60 нүүр үнийн тарифтай болж өргөжсөн байна. МИАТ ч тэр олон авиа компанитай хамтарсан тарифтай болж хамтарч ажилладаг боллоо. Монгол хүн бүр заавал гадны нислэгийг сонгохгүй МИАТ-аар дамжин нисч Дэлхийн хаана ч хүрэх боломжтой болсон байна.

-          Танд Монголчуудын аялах боловсрол дээшилж байгаа харагддаг уу?

-          Маш их дээшилж, боловсорч байна. Монголчуудын нисэх соёл, боловсрол маш ихээр дээшилж байна. Нисэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж түүнийгээ дагаад соёлжиж байна. Энэ бол билет бичилтээс, нисэх, тээвэрлэлтээс шууд харагдаж байгаа зүйл. Авиа компаниудтай гэрээ хийж олон төрлийн нислэгээр, сонголт арвинтай болсон байгаа хэрэг.

-          Үйлчлүүлэгчдэд та хэдэн төрлийн нислэгийн боломжийг санал болгож байна?

-          Захиалга хүлээн авагч утсаар 50 хувь, амаар 50 хувь нь ажиллаж “е-мэйл”-ээр ажлаа амжуулж байна. Жишээ нь: Бангкок-ийн чиглэлд нислэгийн 12-13 санал гарч ирдэг. Хүн бүрд 12-13 вариант санал болгох нь цаг заваа барна. Тиймээс хамгийн хямд, тухлаг нислэгийг санал болгож гурваас доошгүй нөхцөл санал болгоно.  Та аль авиа компаниар явах талаар өөрийнх нь хүсэл сонирхлыг нь асууж лавлаж харилцан ярина. Тайланд явах хүнийг жишээ нь Оросоор дамжуулж болохгүй шүү дээ. Үйлчлүүлэгчид ч авиа компаниа өөрсдөө сонгож санал болгодог. Үүнийнх нь дагуу бид үйлчилгээгээ үзүүлдэг.

-          Далай лам жилд нэгээс дээш удаа очиж үзээгүй газраараа аялж бай гэж сургасан байдаг. Таны хувьд аялал ер нь амьдралд тийм чухал зүйл үү?

-          Энэ бол хоёр талтай асуудал. Аялал гэдэг бол сурах, юм үзэх, таних, мэдээлэл авах асуудал, би бол явах гэж байгаа чиглэлд нь зөв мэдээлэл өгч үйлчлэхийг л зорьдог. Зарим тохиолдолд хөгшин настай хүмүүст интернетээр очих газрыг нь хайж зурж үзүүлж мэдээллээр хангаж өгөх нь энүүхэнд. Онгоц солиход ямар цагт амжих ёстой, дүрэм нь ямар байна зэрэгтэй танилцаж мэдээлэл өгдөг.

-          Та компаниа өөрийнхөөрөө тодорхойлооч?

-          Манай компани салбартаа анхдагч энэ чанараа үйлчилгээгээ ч гээлгүй ажиллаж байна. Компанийн үйлчилгээнээс маш олон хүн сэтгэл дүүрэн байж мэдээ мэдээлэлтэй үйлчлэх нь чухал.  Бид аль болох ажилчдаа сайн сургаж, мэдээлэлжүүлж хүний урдаас харж үнийн тариф үйлчилгээгээ таниулж чаддаг тийм итгэл төгс үйлчилгээтэй компани болж чадсан байна.

-          Компанийн хамгийн үнэ цэнэтэй зүйлийг та юу гэж харж байна?

-          Компанидаа хамгийн үнэ цэнэтэй зүйл бол ажилчид. Энэ компанийн ажилчдыг нэг баг болгоод ажиллуулж нэгэн цаг мөчид сургаж байгаа Т.Чулуунхүү захиралдаа талархаад барахгүй. Энэ хүн 22 жилийн турш ажилчидаа тогтвортой ажилтай амьдралтай, унаа тэрэгтэй, гэр оронтой, тасралтгүй ажлын байртай болгоод явж байгаад нь нийт компанийн ажилчдын өмнөөс талархаж явдаг даа.  Бичсэн билет бүрээс 1000 төгрөгийг нь мод тарьж, их ажилдаа зориулан эх орондоо байгаль дэлхийдээ хүртэл мөн ногоон ирээдүйг үлдээж байгаагаар нь бахархаж байна.

-          Та хамгийн олон жил болсон үнэ цэнэтэй ажилтан нь болохоор та залуу боловсон хүчин болсон хүмүүсээс арай илүү компанидаа “эрхлэх”, “давуу эрх эдэлнэ” гэж байх уу?

-          Өнөөдрийг хүртэл надад ийм давуу тал өгөөч гэж хэлж үзээгүй. Би өөрийгөө өчигдөр ажилд орсон хүнтэй яг ижилхэн төвшинд тавьж үздэг. Би олон жил ажилласан болохоор амралтын өдөр ажиллахгүй ч гэдэг юмуу тийм ойлголт байхгүй. Би яг адилхан ажилчин нь шүү дээ. Харин ч шинэ ажилтан ажиллаж байгаа үед хажууд нь байж сургаж, дэмжихгүй бол болохгүй мэт санагдаад ажилдаа маш их яарч, дурлаж ирдэг дээ. Харин манай компанийн хамт олон надад чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй ханддагт би маш их баярлаж явдаг.

-          Нислэг эхлэхээс дуусах хүртэл, эргээд эх орондоо ирэх хүртэл санаа тавьж ажилладаг гэлээ, нэмээд авиа компаниасаа хамааралтай нэмэлт анхааруулж хэлэх санамж гэж байдаг уу?

-          Байлгүй яахав. Зөвхөн “Korean air ”-с Америк чиглэлд нисэхэд 11 орчим сануулга байдаг. Аливаа авиа компанийн үйл ажиллагааны 10-аад албан үйлчилгээний ажил хамааралтай байдаг болохоор маш сайн тайлбарлан таниулах ёстой байдаг. “Майлаж карт” байгаа эсэх, шинээр нээх эсэх хоол, суудал, хаяг/очих газрын/, гээд л ажил их бий. Үйлчлүүлэгч бүртэй тулж ажиллах нь чухал.

-          Компанийн зүгээс хамгийн үнэ цэнэтэй ажилтан хэмээн нэрлэгдэж, танаас ярилцлага авахыг хамгийн түрүүнд зөвлөж байсны дагуу бид хоёрын яриа өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-          Залуучууд шинэ боловсон хүчинд болсон залуустаа цаашдын ажилд нь амжилт хүсье. Тууштай, итгэл дааж, ажилдаа дурлаж хийх юм бол маш сайхан ажил юм шүү. Миний хувьд  компанитайгаа ажил амьдралаа холбоод 22 жил болж байна энэ бол бага хугацаа биш, энэ цаг үед та бүхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаагаараа бахархаж байна.

-          Ярилцсанд баярлалаа.Таны ажилд амжилт бүхнийг хүсэн ерөөе. Илүү олон жил олноо манлайлж яваарай гэж ерөөе.