UM (Unaccompanied Minor) буюу дагалдах хүнгүй хүүхэд үйлчилгээ
UM (Unaccompanied Minor) буюу дагалдах хүнгүй хүүхэд үйлчилгээ
2021-02-10

5-12 хүртэл насны ганцаараа аялж буй хүүхдэд үзүүлэх үйлчилгээ бөгөөд 12-16 хүртэлх насны хүүхдэд эцэг эх/ асран хамгаалагчийн хүсэлтээр уг үйлчилгээг үзүүлж болно.

5-аас доош насны хүүхэд заавал эцэг эх буюу насанд хүрсэн асран хамгаалагчийн хамт аялна.

Дагалдах хүнгүй хүүхэд үйлчилгээг зөвхөн МИАТ ХК-ийн аялалд үзүүлэх ба дамжин аялах хүүхдэд үзүүлэхгүйг анхаарна уу.

Дагалдах хүнгүй хүүхэд тээвэрлүүлэх үйлчилгээ авах хүсэлтийг нислэг эхлэхээс дор хаяж 24 цагийн өмнө гарган дараах баримтыг бүрдүүлсэн байна. 

  1. Хүүхдийн гадаад паспортын хуулбар, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  2. Хүсэлт гарган маягтыг бөглөж буй хүн тухайн хүүхдийн асран хамгаалагч мөн болохыг нотариатаар баталгаажуулсан баримт,
  3. Дагалдах хүнгүй хүүхэд тээвэрлэх маягтыг англи хэл дээр 4 хувь бөглөнө.
  • Суудал захиалгад UMNR код баталгаажсан байх
  • Билетэнд зорчигчийн нэрний ард UM код хүүхдийн насны хамт (10YRS) бичигдсэн байх

Үйлчилгээний хураамж

Үйлчилгээний хураамж нэг чиглэлд 67,000 ₮


Тээвэрлэлтэнд хүлээн авах нөхцөл 

Тийзэнд зорчигчийн нэрний ард UM код хүүхдийн насны хамт бичигдсэн байна. Мөн суудал захиалгад UMNR код баталгаажсан статустай, дээр дурьдсан маягт бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн байна. Эдгээр нөхцөлийг хангаагүй тохиолдолд тээвэрлэлтэнд хүлээн авахгүй.


Нисэх буудалд - Үдэн гаргах

Эцэг эх, эсвэл асран хамгаалагч нь хүүхдийг нислэг эхлэх хуваарьт цагаас 2 цаг 30 минутын өмнө нисэх буудалд хүргэн ирж зорчигч бүртгэлийн ажилтанд хүлээлгэн өгч, холбогдох маягтанд гарын үсэг зуран хүлээлгэн өгөх ба агаарын хөлөг хөөртөл онгоцны буудал дээр хүлээх шаардлагатай.


Нисэх буудалд -Угтан авах

Хүүхдийг тосон авч буй хүний зураг бүхий бичиг баримтыг бөглөсөн маягт дахь тосон авах хүний мэдээлэлтэй тулган гарын үсэг зуруулан хүүхдийг хүлээлгэн өгнө.

Хэрэв хүүхдийг тосох хүн ирээгүй тохиолдолд хүүхдийг эхний нисэх буудал руу буцаан тээвэрлэх ба үүнтэй холбогдон гарах аливаа зардлыг үйлчилгээг авах хүсэлт гаргасан эцэг/эх, асран хамгаалагч хариуцахыг анхаарна уу.